Публикации
Зохиогчийн эрхийн зөрчил

Энэ нийтлэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан дүрслэх урлагийн бүтээлд хамаарах “Монгол бичлэгтэй торгон дээрх зураг” бүхий бүтээлийн зохиогчийн эрхэд холбогдон тулгарч байгаа, үүсч болзошгүй асуудлыг бизнес эрхлэгчдэд зориулан танин мэдэхүйн болоод хууль зүйн үүднээс мэдээлэл түгээхийг зорилоо. Иймд Монгол бичлэгтэй торгон дээрх зурган бүтээл нь нэг талаас, оюуны бүтээлч үйл ажиллагаа үр дүнд уламжлалт зүйлсийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэрэгслийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу онцгой эрхтэй ашиглах эдийн болон эдийн бус эрхийг бий болгосон гэж, нөгөө талаас, уламжлалт соёлын өвийг үлдээхэд хувь нэмэр болохоос гадна уламжлалт соёлыг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж болох зүйлийн нэг гэж үзэж болох юм.

Өгүүлэн буй зохиогчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах үндэс нь зах зээл өөрөө бөгөөд зах зээлийн механизмыг хөдөлгөх хүч нь бас зохиогчийн эрх байдаг. Үүнийг нөхцөлдүүлж байгаа гол хүчин зүйл нь зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн санхүүгийн хөшүүрэг болно. Гэтэл зах зээл дэх санхүүгийн байдлыг нь эдийн засгийн ашиг хонжоо харж санаатай, эсхүл зохиогчийн эрхийн талаарх хууль зүйн зохих мэдлэггүйн улмаас эрхийг зөрчих явдал цөөнгүй.

Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа түгээмэл зөрчилд бүтээлийг тухайн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр янз бүрийн арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөх явдлыг хамааруулж үздэг. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээрх бүтээлийн материалаа бүрдүүлэн Оюуны өмчийн газарт мэдүүлэн, холбогдох хяналт шалгалт хийгдсний үндсэн дээр зохиогчийн эрх албан ёсоор баталгаажих учиртай. Энэ нь тухайн бүтээлийн санхүүгийн хөшүүргийг хангах хууль зүйн баталгаа гэж үзнэ. Тийм ч учраас, Монгол бичлэгтэй торгон дээрх зураг гэлтгүй аливаа бүтээлийг өөр хэлбэрт оруулахдаа заавал зохиогчоос зөвшөөрөл авах зайлшгүй шаардлагатай болохыг харуулдаг.

Энэ бүтээлд хамаарах эрхийг хөндсөн/зөрчсөн тохиолдолд Монгол Улсын хувьд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Хэрэв энэ хариуцлага хүлээхгүй бол Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчвөл зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хууль зүйн эрсдэлтэй. Зохиогчийн эрхийн үнэ цэнийг ойлгох нэг арга зам бол зохиогчийн байр сууринаас хандахаас гадна санхүүгийн хувьд үр ашигтай байх эсэхийг үзэх нь чухал.

Энэ байдал нь бүтээлийг зөвшөөрөлгүй хувирган өөрчлөх зэрэг халдашгүй бүрэн байдлыг нь алдагдуулахаас хамгаалах эрхийг нөхцөлдүүлдэг. Зөвхөн бүтээлийн санааг гарган туурвисан хүний эрх ашгийг хамгаалаад зогсохгүй бүтээлийг зах зээлээс худалдан авч хэрэглэж байгаа хэрэглэгчдийн эрхийг ч бас давхар хамгаална гэж үздэг. Энэ нь аливаа бүтээгдэхүүний гоо сайхны болоод гадаад төрх, харагдах байдалд давхар хамааралтай. Тиймээс хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц бүтээгдэхүүнийг хэрхэн хийх, мөн түүнчлэн анхаарал татахуйц байх нь хэрэглэгч аль нэг бүтээгдэхүүнийг нөгөөгөөс илүүд үзэн “худалдан авах” шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл билээ. Энэ үндсэн дээр аж ахуйн нэгжүүдэд өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг бусад өрсөлдөгчийнхөөс нь ялгаатай байлгаад зогсохгүй тухайн бүтээгдэхүүнийхээ брэндийн нэр хүндийг сайжруулахад тусална. Энэ нь бүтээгдэхүүнийг зөв хамгаалалт хичнээн чухал болохыг баталж байна.

Үүнээс дүгнэвэл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд “зохиогчийн эрхийг хамгаалах” үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээс илүү эрх эзэмшигчид тухайн бүтээлээ анхаарах хүсэл эрмэлзлэлтэй байх ёстой байна. Цаашид оюуны өмчийг хамгаалах зорилгоор бүтээл, бүтээлийн эзэн, зохиогчийн тухай үнэн зөв мэдээлэл байнга олгох нэгэн лавлахтай болох бүтээл түүнийг ашиглах эрхээ оюуны өмчийн байгууллагад бүртгүүлдэг байх, улирал бүр өөрсдийн оюуны өмчид халдсан зөрчлүүд, тэдгээртэй үр дүнтэй хэрхэн тэмцэж буй талаарх сургалт, уулзалт хамтран ажиллах зэрэг идэвхтэй хамрагдахгүй бол бүтээлүүдийг ашиг олох зорилго бүхий бүлэг этгээдүүд хуулбарлан ашигласаар байх болно.
 

Н.Одгариг
Өмгөөллийн ашид адвокатс ХХН