Публикации
Арбитрын хэлэлцээр байгуулахад анхаарах асуудал
Download PDF
I. Оршил

 
Энэхүү нийтлэлд бизнес эрхлэгчид өөрсдийн зөрчигдсөн/хөндөгдсөн эрхийг ямар арга замаар хэрхэн хамгаалуулж болохыг, тэр дундаа шүүхийн бус арга болох арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх гол хөшүүрэг хүчин зүйл буюу арбитрын хэлэлцээрийг авч үзлээ. Энэ нь бизнес эрхлэгчдийн зүгээс арбитрын хэлэлцээр /arbitration agreement[1]/ байгуулахад гаргадаг түгээмэл алдааны талаархи цуврал нийтлэлүүдийн нэг. Тиймээс бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд нь эдийн бус дэмжлэг болгох үүднээс Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд[2] тулгуурлан бэлтгэн бичлээ. Уг нийтлэл нь хууль зүйн аливаа эрсдлийг бизнесийн ач холбогдол талаас нь авч үзэхийг оролдлоо. Монгол хэлэнд “Арбитр” гэж зарга маргааныг шүүн таслах газар хэмээн ойлгон хэвшжээ.[3] Энэ нийтлэлд байнгын /institutional arbitration/ болон түр /ad hoc/ арбитрын товч танилцуулга, маргаан гарвал хэрэглэгдэх эрх зүйг болон арбитр, арбитрчийг сонгох, ямар арбитрын дүрэм, журмаар шийдвэрлэх, арбитрын ажиллагаа явагдах газар, хэлийг тодорхойлох, учирч болох аливаа эрсдлийг урьдчилан төлөвлөх зэрэг асуудлын хүрээнд тойм мэдээлэл хүргэхийг хичээлээ.

Тухайлбал, Талууд арбитрын хэлэлцээр байгуулахдаа хөндлөнгийн шинжтэй гээд гадаад арбитр, арбитрчийг сонгох, энэ ажиллагаанд өмгөөлөгч оролцох эсэх, хэрэв оролцуулах бол хуульчийн зардалтай холбогдох асуудлыг дахин тооцон нягтлах зайлшгүй шаардлага тавигдана. Энэ утгаараа бизнес эрхлэгч санхүү талаасаа урьдчилан төлөвлөх хэрэгтэй байна. Үүнээс гадна арбитрын ажиллагаа явагдах газар, хэргийн оролцогчдын мэдлэг ур чадварыг тодорхойлсны дээр ажиллагаа явагдах хэл бичгийг сонгох асуудал зүй ёсоор тавигдаж болох юм. Үүнээс үүдэн эрсдэл үүсч болно. Үүний зэрэгцээ Талуудын харилцан тохиролцсон журам нь арбитрын ажиллагаа явуулахад зайлшгүй дагаж мөрдөх хууль тогтоомжтой зөрчилдөх бус харин дутууг гүйцээхэд чиглэсэн байх учиртай. Үүнд (Талууд арбитрын хэлэлцээр, журам, дүрэмд) онцгойлон ач холбогдол өгөөгүйгээс хууль зүйн эрсдэл удаа дараа хүлээх боломжтой. Бас арбитраар маргаан шийдвэрлүүлэхийн тулд талууд Загвар заалтыг[4] гэрээндээ тусгасан байх шаардлагатай болохыг орхигдуулж болохгүй.
Танин мэдэхүйн болоод хууль зүйн (Uncitral Model Law on International Commercial Arbitration) талаасаа ч талуудын хооронд ямар нэг эрхийн харилцаа холбоотой үүссэн, үүсч болох тодорхой маргааныг арбитрт шилжүүлэх тухай гэрээний шинжтэй эсэхээс хамаарахгүй тохиролцсон тохиролцоог “Арбитрын хэлэлцээр” гэж ойлгодог.[5] Иймээс энгийн хүмүүс болон бизнес эрхлэгч хэн бүхэнд зориуллаа. Энэ утгаараа уншигчдад ойлгоход дөхөм болгохын тулд арбитрын хэлэлцээрийг хийхэд бизнес эрхлэгчдээс гаргадаг нийтлэг зарим алдааг энгийн үг, хэллэгээр тайлбарлан, цаашид нийтлэлд хөндөгдсөн асуудлыг анхаарч үзээсэй гэсний үндсэн дээр зөвлөмж бүхий агуулгаар бичлээ.
II. Асуудлын учир холбогдол нь
Оршилд арбитрын хэлэлцээрээр тодорхойлогдох зарим асуудлыг цухас дурдсан учраас энэ хэсэгт ямар төрлийн арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх вэ гэсэн ерөнхий асуултын хүрээнд бус арбитрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай нь холбон уг хэлэлцээрийн учир холбогдлыг тайлбарлана. Тиймээс түр болон байнгын арбитр гэдгээс үл хамааран арбитрын хэлэлцээрийн мөн чанарыг түүний гүйцэтгэж буй үүргээс нь харж болно. Арбитрын хэлэлцээр, журмаа хэрхэн байгуулж байгаа бизнес эрхлэгчийн арга ухаанаас шалтгаалан арбитрч арбитрын ажиллагааг зөв удирдан явуулсан эсэхээс хамаарахгүй маргааны хувь заяа шийдвэрлэгдэж болох юм.
Тиймээс энэ асуудлыг нэгэн хийсвэр жишээнд тулгуурлан Дотоодын бизнес эрхлэгч түншүүд болох гэрээний Талууд арбитрын хэлэлцээр, журам байгуулахдаа арбитрын ажиллагаа явагдах, хуралдаан болох газар нь Монгол Улс тэр дундаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт (цаашид “МОУҮА” гэх), Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг баримтлан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргаанаа шийдвэрлүүлэхээр тохиролцон гадаад улсын арбитрчаар, гадаад хэл дээр бүх ажиллагаа явагдах байдлаар тодорхойлсон гэж үзье. Тодорхой хугацааны дараа бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор Талуудын хооронд үл ойлголцол гарч арбитрын хэлэлцээрийн дагуу уул маргааныг арбитраар шийдвэрлүүлсэн гэж төсөөлье.

Энэ тохиолдолд арбитрын хуралдаанд оролцогчдын процессын эрхийг хангах үүднээс гадаад хэл мэдэх гүй оролцогчид хэргийн баримт сэлтийг орчуулуулан бүрэн танилцуулж, хуралдаан дээр эх хэлээр нь буюу Монгол хэлээр үг хэлэх боломж олгох учиртай. Талуудын тохиролсон арбитрын хэлэлцээр, журмын дагуу арбитрын бүхий л ажиллагааг гадаад хэл дээр явуулахаар заасан тул талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, тайлбар, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч оролцуулах зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангахад хүндрэл учирч болно.
Хэргийн оролцогчийн эрхийг хангах үүднээс арбитрын хуралдаанд орчуулагч оролцох эсэх, хэрэв оролцуулах бол зардлыг хэрхэн шийдвэрлэх, мөн өмгөөлөгч оролцуулах бол хуульчийн зардлын асуудал бас бий. Энэ нь арбитрын ажиллагааг Талууд мэтгэлцэн явуулах үндсэн нөхцлийг хангах хөшүүрэг учраас дээрх хийсвэр тохиолдолд арбитраас маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж болох юм.

Хэрэв арбитрын ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй бол олон улсад Арбитрын тухай хуульд (Энэ нь НҮБ–ын Олон улсын худалдааны эрхийн комиссийн Олон улсын арилжааны арбитрын загвар хуульд[6] нийцсэн гэж үздэг) заасан үндэслэлээр арбитрын шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд арбитрын ажиллагааг дахин эхлүүлэхээр хүсэлт/өргөдөл гаргасан тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцон Арбитрын үндсэн зардал, нэмэлт зардлын хэмжээг тооцох журмын[7] (Монгол Улсын хувьд) дагуу төлбөл зохих арбитрын зардлаас 50 хувиар тооцож арбитрын зардлыг дахин төлөх санхүүгийн эрсдэл хүлээнэ. Энэ нь Талуудын оновчгүй сонголт, хайхрамжгүй байдал, бизнесийн үйл ажиллагаанд учирч болох хууль зүйн эрсдлийг тооцоогүй орхисноос улбаатай.
Гэхдээ талууд арбитрын хэлэлцээр, журам байгуулахдаа энэ тухай анхаарч үзсэн бол ийм төвөгтэй байдал үүсэхгүй. Арбитрын хуралдааныг гадаад хэл дээр мэтгэлцэн явуулах нь аль нэг талд нь давуу байдлыг бий болгон, хэрэгт холбогдох бүхий л материалыг гадаад болон монгол хэл дээр үйлдэн арбитрын ажиллагаа сунжрахаас гадна эсрэг тал нь цаг хугацаа хожих зэрэг сөрөг үр дагавар учирч болно. Үүнээс гадна хэрэгт авагдсан материалуудад орчуулгын болоод агуулгын зөрүү гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь Талуудад эргэлзээ бүхий сэтгэгдэл төрүүлж болох юм. Энэ нь “арбитр хэдийгээр шүүхтэй адил шат шатны байдлаар маргааныг хэлэлцэхгүй эцсийн нэг л шийдвэр гарган, гүйцэтгэл нь түргэн шуурхай хийгдэн Талуудад зардал, цаг хугацааны хувьд давуу талтай” гэсэн итгэлийг алдагдуулах нөхцлийг бүрдүүлнэ.

Ийнхүү арбитрын шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой боловч ялагдсан тал нь шүүхэд арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандах боломжтой тул арбитрын шийдвэр тэр бүр гарсан дороо биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсдэг. Дотоодын арбитрч бус гадаад арбитрчаар маргаанаа шийдвэрлүүлэх гэж байгаа тохиолдолд арбитрын бүрэлдэхүүнээс зөвхөн өөрийн орны эрх зүйн соёл, ухамсар, мэдлэгт тулгуурлах төдийгүй Монгол Улсын хуулийг хэрэглэн маргааныг шийдвэрлэх боломжтой эсэхийг нягтлах нь чухал.
III. Дүгнэлт

 
Эцэст нь тэмдэглэхэд, энэ нийтлэлд арбитрын хэлэлцээр, журмыг байгуулахад бизнес эрхлэгчдээс гаргадаг нийтлэг алдааг чухамхүү энэ утгаар нь илүүтэй хөндсөн болно. Тиймээс гарааны эсвэл жижиг дунд бизнес эрхлэгч үү гэдгээс үл хамааран арбитрын хэлэлцээр, журмаас улбаалан гарсан арбитрын шийдвэрийн алдаа нь арбитрчаас бус харин Талуудын тохиролцсон байгуулсан арбитрын хэлэлцээр, журмаас шалтгаалсан байж болно. Үүнээс үүдэн маргагч талууд болон арбитрчдын хооронд үл ойлголцол/итгэлцэл бүхий асуудал үүсч болно гэдгийг сануулахад чиглэсэн. Уул асуудлаар санаа бодлоо дэвшүүлэн бичилцэх нь бизнес эрхлэгчдээс арбитраар эрх ашгаа хамгаалуулах арга хэрэгсэл, боломжийг хязгаарлахуйц байдлаар байгуулах арбитрын хэлэлцээр, журмыг цаашид гаргахгүй эрсдлийг урьдчилан төлөвлөх шаардлагатай гэж үзлээ.

Иймд нийтлэлээр бизнес эрхлэгчид өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөгдсөн тохиолдолд арбитраар түүнийгээ сэргээлгэхэд анхаарах асуудлыг хөндөхөөс гадна учирч болох аливаа санхүүгийн эрсдлээс (хуульч, орчуулагчийн зардал . . . гэх мэт) сэргийлэх асуудлыг цухас хөндөн дээрх дүгнэлтийг хийлээ.
Энд агуулагдсан мэдээлэл нь хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө хүргэхэд чиглэгдээгүй болохыг уншигч Та бүхнээс анхаарна уу хэмээн хүчээнгүйлэн хүсье.
 
С.Номынбаясгалан
Ш.Цолмон
Өмгөөллийн ашид адвокатс ХХН
2018 оны 8 сар
 
 
[1] Маргааныг арбитраар шийдвэрлүүлэх талаар талууд бие даасан хэлэлцээр байгуулсан бол “arbitration agreement” гэсэн нэр томъёог ашиглах бол харилцан тохиролцож гэрээнд заасан бол “arbitration clause” хэллэгийг хэрэглэнэ. http://nli.gov.mn/gariinavlaga/International%20Private%20Law_PRINTED%20VERSION.pdf
[2] Арбитрын тухай хууль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уялдаа холбоог чухалчлаа. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад арбитрын ажиллагаанд холбогдох Монгол Улсын нэгдэн орсон конвенцийн хүрээнд давхар авч үзлээ. “Олон улсын баримт бичиг” гэсний маргааныг шийдвэрлэхийг үз http://www.mfa.gov.mn/?page_id=29040#1485132523196-a01c7d09-78b5
[4] Жишээлбэл, Арбитрын загвар заалт “Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийвэрлүүлнэ” гэжээ. Arbitration clauseAll disputes arising out of or in connection with this contract or related to its violation, termination or nullity shall be finally settled in the Mongolian International and National Arbitration Center at the Mongolian National Chamber of Commerce and Industry in Mongolia under its Rules on Arbitration in Mongolia.” http://www.arbitr.mn/?p=9522
[5] НҮБ–ын Олон улсын худалдааны эрхийн комиссийн Олон улсын арилжааны арбитрын загвар хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
file:///C:/Users/User/Downloads/UNCITRAL_shinechilsen_2006.pdf
[6] http://www.arbitr.mn/?p=9375
[7] Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Төвийн Удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 26–ны өдрийн 04 тоот тогтоолын Хавсралт №1–ийн 3.11 дэх хэсэгт file:///C:/Users/User/Downloads/zardal_tootsoh_juram_2018.pdf