Публикации
Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ дараа гаргах нь шүүхээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох уу
Download PDF

Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн болон шүүхийн бус хэмээн ялган тодорхойлсон аргууд бий. Шүүхийн аргыг бид бүгд мэднэ анхан, давах, хяналт гээд маргаан төгсөшгүй үргэлжилнэ. Харин шүүхийн бус арга болох “арбитр” нь хэрэг маргааныг агуулгын хувьд шийдвэрлэх бөгөөд энэхүү гаргасан шийдвэр бол эцсийнх. Тиймээс Монгол Улсад бизнесийн хэрэг маргааныг шүүхээр бус, арбитраар шийдвэрлүүлэх хандлага өсч байна. Үүний учир нь шүүхтэй адил шат шатны байдлаар асуудлыг авч хэлэлцдэггүйд оршино.

Эцсийн нэг л шийдвэр гаргадаг давуу талтайн зэрэгцээ бизнес эрхлэгчдэд зардал болоод цаг хугацааны хувьд ашигтай. Энэ үндсэн дээр олон улсад маргааныг арбитраар шийдвэрлүүлэх явдал түгээмэл. Бизнес эрхлэгчид арбитраар шийдвэрлүүлэх заалтыг гэрээнд тусгахдаа арбитрын шийдвэр эцсийн байж, гүйцэтгэл нь түргэн шуурхай хийгдэнэ гэж итгэдэг. Хэдийгээр арбитрын шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой ч ялагдсан тал шүүхэд арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандах боломжтой учраас арбитрын шийдвэр тэр бүр гарсан дороо биелэгдэх боломжгүй билээ.

Энэ талаар ялгаатай хандлага бий. Үндэсний арбитрт тухайн улсын шүүхийн процессын хэм хэмжээг дагаж мөрддөг бол олон улсын арбитр нь янз бүрийн эрх зүйн соёл бүхий улсуудаас ирсэн талуудад бүгдэд нь тохирсон процессын эрх зүйтэй байхыг онцлон үздэг. Үүний зэрэгцээ арбитрын журам нь арбитрын ажиллагаа явуулахад зайлшгүй дагаж мөрдөх хууль тогтоомжтой зөрчилдөх ёсгүй. Иймэрхүү хэм хэмжээ нь нэг их биш боловч эдгээр нь арбитрын ажиллагаанд шүүхийн зүгээс тавих хяналтаас гадна арбитрын шийдвэрийг албадан биелүүлэх журамтай холбоотой гардаг.

Иймд арбитрч арбитрын шийдвэрээ зөв бичсэн эсэх, мөн түүнчлэн арбитрын ажиллагааг зөв удирдан явуулсан эсэхээс арбитрын шийдвэрийн хувь заяа хамаарсан жишээ цөөнгүй болохыг практик харуулдаг. Олон улсын хэмжээнд арбитрын шийдвэр ямар хэлбэртэй байх тухай нэгдсэн хэм хэмжээ өнөөдрийг хүртэл байхгүй байгаа нь арбитрын бүрэлдэхүүний иргэний харьяалал, эрх зүйн соёлоос шалтгаалж өөр өөр гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Талууд ямар ч үр дүнгүй “шийдвэр” гаргуулах гэж арбитрт ханддаггүй. Ер нь жижиг том гэлтгүй ямар ч бизнесийн хувьд оруулж буй хөрөнгө, хууль болон гэрээний дагуу эдлэх эрх нь хэр баталгаатай болох, гарч болох аливаа эрсдлийг урьдчилан мэдэх/харах шаардлагатай билээ. Энэ бүгдийг арбитраас хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл гэж үзнэ. Загвар хууль дахь “арбитрын шийдвэр гаргах хугацааг тогтоохгүй байх” зарчмыг ихэнх улсын арбитрын хууль тогтоомж баримтлахын зэрэгцээ энэ хугацаа тогтоох эрхийг арбитрын бүрэлдэхүүнд олгосон байх нь бий. Ийм учраас, маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой арга болох арбитрыг бизнес эрхлэгчид, төр тэр дундаа “шүүх” өөрийн оролцоогоороо дэмжиж байх учиртай. Арбитрыг дэмжих явдалд шүүх хамгийн гол үүргийг гүйцэтгэх ёстой.

Шүүхээс арбитрыг дэмжиж байна уу эсвэл хориг саад болж байна уу гэдгээс тухайн улсад гэрээг хэрхэн дээдэлдэг, эрх зүйт төр хэр зэрэг төлөвшиж буйг харуулахуйц үйлдэл болохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ утгаараа, арбитрын бүрэлдэхүүнээс шийдвэр гаргахад процессын ялимгүй (үг, үсэг, хэвлэлийн болон тэдгээртэй адилтгах бусад алдаа) эсвэл ноцтой алдаа (шийдвэрээ талуудад танилцуулалгүй) гаргасан бол уул шийдвэрийг шүүхээс хүчингүй болгох хууль зүйн эрсдэлтэй учраас энэ асуудалд бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулах үүднээс бичлээ. Энэ нь процессын алдаа болгон арбитрын алдаа гэж үзэх нь онолын болоод практик үндэслэлтэй байж болох юм.

Хэрэв арбитрын шийдвэр талуудын харилцан тохиролцсон дүрэм журмын дагуу гарсан ч түүнийг биелүүлэх газрын эрх зүйн/хуулийн шаардлагатай нийцэхгүй байгаагаас биелэгдэх боломжгүй болж, улмаар шүүхээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгосон бол яах вэ? Үүнд арбитрын бүрэлдэхүүн хариуцлага хүлээх үү, арбитрын алдаа мөн үү гэсэн асуулт үүсэх болно.

Эдгээр асуултад хариулахын өмнө арбитрчийн эрх, үүргийг хэрэглэх эх сурвалж болох эрх зүйд нь үндэслэн тодорхойлох зайлшгүй шаардлага тулгардаг. Үүнийг “Эрх зүй” гэсэн ерөнхий томъёолол дор үндэсний болон гадаадын эрх зүй, олон улсын эрх зүй хэмээх ойлголтыг багтаана. Энэ нь арбитрч үндэсний хууль тогтоомж, гадаадын хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт захирагдана гэсэн үг. Энд өгүүлж буй “эрх зүйд захирагдах” тухай ойлголт нь хуулийн үг үсгийг сохроор дагах бус харин түүнийг үндэслэлтэй тайлбарлан, бүтээлчээр зөв хэрэглэх тухай асуудал билээ. Арбитрт хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн тухайн харилцааг зохицуулсан дотоодын хуулийг хэрэглэдэг явцуу арга барилаа тэлэн, эрх зүйн бусад эх сурвалжийг хэрэглэхийг хэвшил болгон улмаар шүүх – арбитрын практикт дадал болгох нь өнөөгийн тулгамдсан зорилт болж байна.

Арбитрын алдааг залруулах нь шүүхийн үүрэг болох уу

Шүүхийн шийдвэрийг шүүгч гаргадаг хэдий ч шүүгчийн алдаа бүрийг “шүүхийн алдаа” гэж үзэж болохгүй. Шүүхийн алдаа нь хэрэг маргааныг буруу хянан шийдвэрлэсний үр дүнд, эрхийн хамгаалалтыг бүрэн гүйцэд хэрэгжээгүй учраас гагцхүү эрх бүхий шийдвэрээр илэрч, залруулагддаг гэж үздэг. Энэ утгаараа, арбитрчийн гаргасан алдаа болгоныг “арбитрын алдаа” гэж тодорхойлохоос гадна, үүнийг шүүхийн хяналтаар залруулагдана гэж үзэх нь өөрөө учир дутагдалтай. Харин үүний оронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хэлбэрийн болон агуулгын алдаанаас арбитрын ажиллагаан дахь алдааг ялган үзэх шаардлагатайг анхаарна уу.

Тиймээс давж заалдах шатны шүүхээс арбитрын шийдвэрийг алдаатай, эсхүл алдаагүй гэж үзэх эрхтэй хэдий ч энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй байх шалгуурыг хангах ёстой. Арбитрын алдааг зөвхөн шүүхээс илрүүлж, залруулах боломжтой учраас арбитрын шийдвэрийг алдаатай гэж үзэхийн тулд энэ тухай байдлыг нотлох шаардлагатай билээ. Шүүхээс энэхүү алдааг залруулах үүднээс бус харин илрүүлэхийн тулд, арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан талаас нотлох үүрэгтэй болохыг чухалчлан үздэг. Үүнийг арбитраар өөрөөр нь засуулах чухал.

Зарим талаараа арбитрын журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн журмаар шийдвэрлэх ажиллагаатай төсөөтэй. Арбитрын ажиллагаа эхлэхээс шийдвэр гаргах хүртэлх ажиллагаа холбогдох хууль тогтоомж, талуудын тохиролцсон арбитрын журмын дагуу хууль ёсны болоод үндэслэл бүхий, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд явагдсан эсэхээс хамаарахгүй арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ талуудад танилцуулалгүй хэд хоногийн дараа удааж гаргасан бол арбитрын үйл ажиллагаанд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх боломжтойг орхигдуулж болохгүй.

Яагаад гэвэл, тухайн хэргийн нөхцөл байдал талуудын хийсэн хэлэлцээр, хэргийг шийдвэрлэж буй арбитрын дүрэм зэргээс шалтгаалж дээрх байдлыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх явдал байхыг үгүйсгэхгүй. Энэ нь талуудын тохиролцоо шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр болох боломжтойг харуулахаас гадна үүнийг давхар үгүйсгэж болно. Энэхүү нийтлэл нь эрдэм шинжилгээ, судалгааны дүгнэлт, санал биш. Онол танин мэдэхүйн асуудлыг ч гол болгоогүй. Харин арбитрын ажиллагааны процесс зөрчигдсөн эсэхийг арбитрын үндсэн шийдвэр гарсны дараах шүүх хянах үндэслэлийг эрх зүйн ерөнхий онолын үүднээс хөндөх төдий практик шинжтэй юм.

Учир нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон арбитрын үйл ажиллагаа нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нийтлэг зорилгод чиглэгдэнэ. Тиймээс давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах бол арбитраас гаргасан шийдвэрийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд хязгаарлагдмал хянах боломжтой хэдий ч арбитрын ажиллагаан дахь шүүхийн идэвхтэй байх зарим нөхцлийг маш тодорхой заажээ.

Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоог тодорхойлох нь

Арбитрын шийдвэр гарсан тохиолдолд тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэ талаарх ойлголтыг тодорхой болгохын тулд ямар шалгуураар, юунд үндэслэн ялган зааглаж байгаад анхаарлаа хандуулахын зэрэгцээ олон улсын жишигт нийцүүлэн арбитрын маргааны мөн чанар, онцлог, талуудын хүсэл зоригтой уялдуулан үзэх нь зүйтэй болов уу.

Энэ үүднээс иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэгч арбитрын ажиллагааны онцлогийг загвар хуульд нийцүүлэн Арбитрын тухай хуульд нарийвчлан тусгасан тул арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдлийг хянан хэлэлцэх журмыг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр1 бүлгийн хүрээнд авч үзлээ. Угтаа шүүхийн зүгээс арбитрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор тодорхой хязгаарлагдмал тохиолдолд шүүхийн оролцоог зөвшөөрөх шаардлагатай болно. Хэрвээ “шүүхийн оролцоо нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрвэл арбитрын үүрэг, ач холбогдлыг бууруулах нөлөө үзүүлж болно.

Ийнхүү арбитрын ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцож болохыг Арбитрын тухай хуульд заан, хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн дээрх бүлгээр зохицуулжээ. Энд дурдсантай холбогдуулан арбитрын шийдвэрийг шүүхээс хүчингүй болгох хэд хэдэн үндэслэлийг Арбитрын тухай хуульд маш тодорхой заасан. Энэ нь бусад улсын Арбитрын тухай хууль тогтоомжид тусгагдсантай адил олон улсын жишигт нийцсэн байна.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар ялагдсан тал нь “өргөдөл” гаргавал шүүхээс маргааны агуулга руу орох эрхгүй, зөвхөн процессын шинжтэй хяналтыг тавьдаг. Энэ нь маргааны агуулга нөхцөл байдлыг хянан судласны үндсэн дээр шийдвэрээ гаргах арбитрын ажиллагааны бие даасан байдлыг тодотгох “анхдагч зарчим” бэхжигдэж байна гэж үзэж болох юм. Энэ нь арбитрын хэлэлцээрийн бие даасан байдлыг зөвшөөрч, хүндэтгэх агуулгаас урган гарч байгаагаас гадна эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулах, түүнд үндэслэн шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг.

Тиймээс нийтлэлээ ийнхүү нэрлэсний учир энэ билээ. Энэхүү нийтлэлээр арбитрын шийдвэр гарсны дараах шүүхийн оролцооны буюу шүүхээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдлийг хянан хэлэлцэх зарим асуудлыг үүгээр цухас гаргахыг оролдлоо. Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцооны чухал хэсэг нь арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргах, түүнийг шүүх шийдвэрлэх асуудал гэж үзнэ. Үүнийг арбитраас гаргасан шийдвэр талуудын хувьд хүчин төгөлдөр болоогүй, арбитрын ажиллагаа сунжран үргэлжилж байгаа гэж ойлгож болно.

Уул сэдвээр санаа бодлоо дэвшүүлэн бичилцэх нь бизнес эрхлэгчдээс арбитраар эрх ашгаа хамгаалуулах боломжийг хязгаарласан байж болохуйц шүүхийн зарим эрх хэмжээг эргэн харж, алдаа оноог цэгнэн цааш зөв тууштай чиглэлээр хөтлөх болно гэж үзлээ. Энэ нийтлэлийн хүрээнд арбитрын шийдвэр гаргах ажиллагаан дахь алдааг чухамхүү энэ утгаар нь илүүтэй хөндлөө.

Тиймээс аль процессын шийдвэр гаргах үйл ажиллагаа вэ гэдгээс үл хамааран арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргах бүрэн эрх эдлэх нь талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэгддэг.

Энэ бүрэн эрхийг эдлүүлэхдээ тухайн процессын зорилт, онцлогийг харгалзан, арбитрын процессын хүрээнд өмнөх дурдсан зарчмыг арбитрын чиг үүрэг, зориулалттай нь холбон авч үзэх нь зүйтэй. Хэрэв арбитр алдаа гаргасан бол түүнийг хэрхэн, яаж, ямар арга хэлбэрээр засан залруулах журмыг хууль зүйн үүднээс оновчтой тодорхойлсон эрх зүйн зохицуулалтын хөшүүрэг хэрэгтэй байна.

Арбитрын бүрэлдэхүүнээс шийдвэрээ гаргахад анхаарал асуудал

Энэ тухай хөндөхийн өмнө “арбитрын шийдвэр” гэж юу болохыг товч тэмдэглэе. Арбитрын бүрэлдэхүүнээс хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээд гаргаж байгаа баримт бичгийг ойлгох бөгөөд арбитрын бүрэлдэхүүн талуудын оролцоогүйгээр зөвлөлдөн, арбитрч гарын үсэг зурснаар шийдвэр хүчин төгөлдөр болж, заавал биелэгдэх императив шинжтэй болдог. Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь авч үзэх бөгөөд зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргахын зэрэгцээ хуралдааны тэмдэглэл хөтөлдөг байна. Энэ нь арбитрын ажиллагаа болон тухайн арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээ дуусгавар болж байгааг илтгэн, арбитрын шийдвэрийг талуудад заавал хүргүүлснээр бүрэн дуусгавар болно.

Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хуулиар тогтоосон журам нь эрх зүйн суурь зарчмуудаар нөхцөлдсөн зайлшгүй шаардлага бүхий тодорхой үндэслэлүүдийг тусгасан байдлаар илэрхийлэгддэг. Иймд арбитрын ажиллагааны журмыг дээрх журамд холбогдох хэм хэмжээтэй нь уялдуулан авч үзэх нь чухал ач холбогдолтой. Энэ утгаараа, шүүх хурлын нийтлэг журам/шүүх хуралдааны дэгийг хэлбэрэлтгүй сахин мөрдөх нь нэг талаас, шүүхийн шийдвэрийг сонсох хэргийн оролцогчийн эрхийг хангах, нөгөө талаас, шүүх гаргасан шийдвэрийнхээ агуулгыг “танилцуулах” үүргийг давхар илтгэдэг гэж үзнэ. Үүнийг бас, арбитрын ажиллагаанд давхар хэрэглэж болох юм.

Хэрэв ийнхүү арбитрын ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, арбитраас гаргасан шийдвэрийнхээ агуулгыг танилцуулах үүргээ биелүүлээгүй бол Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2–т заасан үндэслэлээр арбитрын шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд арбитрын ажиллагааг дахин эхлүүлэхээр хүсэлт гаргасан тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцон Арбитрын үндсэн зардал, нэмэлт зардлын хэмжээг тооцох журмын дагуу төлбөл зохих арбитрын зардлаас 50 хувиар тооцож арбитрын зардлыг дахин төлөх санхүүгийн эрсдэл хүлээнэ.

Энэ нь нэг талаар арбитрын гаргасан шийдвэрийн аливаа алдааг илрүүлэн залруулах нь шүүгчээс бус харин хууль тогтоомжоос хамаарч үл ойлголцох асуудал үүсч болохыг авч үзэх нь зүйн хэрэг. Талуудын эдийн болон эдийн бус хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд арбитрт хандах эрхээ хэрэгжүүлдэг. Гэвч тэдний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй шийдвэр аль нэг талд гарах үед арбитрын талаар сэтгэл дундуур үлдэх нь элбэг. Тиймээс арбитрын ажиллагаанд оролцогчийн процессын эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн урьдчилсан нөхцөл дээрх болохыг сайтар ухамсарлан арбитрын бүрэлдэхүүн цаашид анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу гэж үзлээ.

Арбитрын шийдвэрийг шүүхээс хянах үндэслэлийн тухай товч өгүүлэх нь

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль болон НҮБ–ын Олон улсын худалдааны эрхийн комиссын Олон Улсын Арилжааны Арбитрын загвар хуульд “Арбитрын хуралдааны дараа зөвлөлдөн гаргасан шийдвэрээ танилцуулан гаргах” талаарх асуудлыг тусгаагүй хэдий ч процессын бусад хуулиудад нарийвчлан зохицуулсан байна. Хэдий тийм ч Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрчдын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 02–ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 24.5 дахь хэсэгт “Арбитрын хуралдаан завсарласанаар арбитрын бүрэлдэхүүн тусгайлан зөвлөлдөх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачлагаар арбитрын шийдвэр гаргахаас өмнө хуралдааныг дахин үргэлжлүүлж болно” гэжээ. Энэ дүрмийн 26.4 дэх хэсэгт “Арбитрын бүрэлдэхүүн зөвлөлдөн гаргасан шийдвэрийнхээ агуулгыг талуудад танилцуулах бөгөөд ийнхүү танилцуулахад талууд оролцохгүй байж болно. Арбитрын шийдвэрийн агуулгыг танилцуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрээ бичгээр гаргана” гэжээ. Зарим улс оронд арбитрын шийдвэр гаргах хугацаанд хязгаарлалт тавьсан (Time limit for the final award) тохиолдол цөөнгүй.

Монголын үндэсний арбитрын практикт арбитрын шийдвэрийн тогтоох хэсгийг арбитрын хуралдааны дараа амаар сонсгон, шийдвэрийн бүрэн эхийг бичгээр 14 хоногийн дотор гаргаж өгдөг байна. Энэхүү арбитрын ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмаар тогтоосон хязгаарын дотор шүүхээс оролцох асуудал хамаарна. Ингэхдээ Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн үндэслэлийг давж заалдах шатны шүүхэд хэрхэн ойлгон хэрэглэх талаар шүүхээс арбитрын ажиллагаанд оролцох хүрээ, хязгаарыг зааглан тодорхойлох зөвлөмж зайлшгүй шаардлагатай байна.

Мөн түүнчлэн Арбитрын тухай хуульд шүүхээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрчдын зөвлөлөөр батлагдсан Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг зөрчсөн эсэх асуудал хамаарах нь өөрөө тодорхойгүй үлдсэн байна. Улмаар энэ нь уг асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалтын хөшүүрэг үгүйлэгдэж байгааг харуулж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан хэргийг арбитрт дахин хянан хэлэлцэхийг хүлээн зөвшөөрүүлэх хандлагыг төлөвшүүлэхээс гадна арбитрт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад учруулах, хэргийг сунжруулах зорилгоор нэлээд ашиглаж болохоор байна.

Энд онцлон тэмдэглэхэд, арбитрыг энгийнээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр иргэний хэргийг төрийн шүүхийн оронд шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон нэг буюу хэд хэдэн арбитрч гэж ойлгож болно. Дотоодын арбитрч бус “гадаад” арбитрчаар маргаанаа шийдвэрлүүлэх гэж байгаа тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн зөвхөн өөрийн орны эрх зүйн соёлд тулгуурлах төдийгүй тэрхүү улсын талаарх хууль тогтоомжийг судлан үзэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн маргааны талууд ч гэсэн арбитрын хэлэлцээр хийх, арбитрт маргаан шийдвэрлүүлэхдээ арбитрын улсаас гадна арбитрын шийдвэр биелэгдэх газрын хуулийг урьдчилан судлан үзсэн байх нь зохимжтой байна.

Үүнээс гадна, арбитрын ажиллагаанд оролцож байгаа талуудаас арбитрын шийдвэр гарсны дараа өөрийн хүсэл зориг, ашиг сонирхолд үл нийцсэн шийдвэр гарвал үндэслэл муутай өргөдлийг шүүхэд гаргах явдал мэр сэр байж болох юм. Тиймээс давж заалдах шатны шүүхээс өргөдлийг хянахдаа арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байлаа ч түүнийг “хэлбэрийн төдий хянах гэхээсээ илүү агуулгын хувьд хянах” байдлаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэдэг практик тогтоохоос сэргийлэх ёстой мэт санагдлаа. Энэ мэт дутагдлыг эс тооцвол арбитрын хуулийг хэрэглэх, арбитрын ажиллагаанд шүүх оролцох практик зохих ёсоор төлөвших хандлага бий болжээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нийтлэлд агуулагдсан буй мэдээлэл нь хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө хүргэхэд чиглэгдээгүй болохыг уншигч Та бүхнээс хичээнгүйлэн анхаарч үзэхийг хүсье.


Өмгөөлөгч Ш.Цолмон

С.Номынбаясгалан

 

Өмгөөллийн ашид адвокатс ХХН

2018 оны 8 сар