УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Улсын  Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
 
Дээрх хуулиудын зохицуулалтыг товч танилцуулбал.
 
  1. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/:
 
 Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь Нийтлэг үндэслэл, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх, Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг , Бусад зүйл гэсэн 5 бүлэг , 24 зүйлтэй ба хуулийн зорилт нь  бүртгэлийн ангилалыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад чиглэжээ.
 
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ дараах зохицуулалтуудыг агуулжээ. Үүнд:
 
  • Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх, түүнийг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд түүнд тусгах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар баталахаар
 
  • Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр
 
  • Бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгаж, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийн зорилго, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим нь төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах, өөр хоорондоо уялдаатай нэгдсэн арга зүйтэй байхаар
 
  • Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар
 
  • Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох
 
  • Хуулийн дагаж мөрдөх журмын хуулиар дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулахаар
 
  • Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх бөгөөд хязгаартай өгөх мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлийн дагуу үнэ төлбөртэйгөөр, мөн хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд иргэний зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй олгох
 
  • Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө хуульд заасан нээлттэй, хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтоохоор
 
  • Нотариатч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах, хаягийн мэдээллийг авах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрх авч болохоор
 
  • Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэхээр
 
  • Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагч, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь эрх зүйч мэргэжилтэй, харин иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой иргэнийг ажиллуулах.
 
Улсын бүртгэлийн байгууллагын дарга дээрх улсын байцаагч, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх бөгөөд Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улсын бүртгэгчийг 5 жилийн хугацаанд багтаан эрх зүйч мэргэжилтэй болгох зохицуулалтыг тусгасан байна.
 
 
 
 
  1. ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 8 бүлэг 28 зүйлтэй ба хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.
 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ дараах зохицуулалтуудыг агуулжээ. Үүнд:
 
  • Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн   Нөхөрлөл, компани, холбоо /төрийн бус байгууллага/, сан, хоршоо, шашны байгууллага, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэж тусгасан
 
  • Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хөнгөвчлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг цахим хэлбэрээр авах, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим гэрчилгээ олгох, хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах зэрэг зохицуулалтыг хуульд тусгасан
 
  • Улсын бүртгэл хийхдээ иргэн, хуулийн этгээдээс хуульд тухайлан заагаагүй баримт бичиг авч ирэхийг бусад дүрэм, журмын хүрээнд шаарддаг байсныг өөрчлөн зөвхөн хуулиар тогтоосон баримт бичгийг шаардахаар зохицуулсан.
 
  • Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутагт дэвсгэрт нь улсын бүртгэлд бүртгэхээр болсон.
 
  • Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах бөгөөд ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасдаг байхаар зохицуулалт шинээр орсон.
 
  • Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээдүүд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгасан.
 
  • Компани, нөхөрлөл, хоршоог холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлэх хугацаа 7-10 хоног байсныг 15 өдөр болгон уртасгаж, холбогдох өөрчлөлтийг Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай хуульд тус тус тусгав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбогдуулан Улс төрийн намын тухай, Банкны тухай хуулиудад хүчингүйд тооцсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас хийсэн эшлэлийг шинэчлэн найруулсан хуулийн заалттай нийцүүлэн өөрчилсөн байна.
 
 
 
  1. ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ     /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
 
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 5 бүлэг, 39 зүйлтэй бөгөөд энэ хуулийн зорилт нь  Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн ба  дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульд шинээр тусгасан байна. Үүнд:
 
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.
 
  • Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэснээр газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон.
 
  • Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг  тусгасан.
 
  • Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.
 
  • Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгасан.
 
  • Газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн дээр цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан.
 
  • Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.
 
Энэхүү хууль мөрдөгдөж эхэлснээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар иргэд төрөөс чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн талаар улсын нэгдсэн бүртгэлтэй болох, улсын хэмжээний статистик мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарах, газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах ач холбогдолтой гэж хууль тогтоочийн зүгээс үзжээ.
 
 
  1. ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
 
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нийтлэг үндэслэл, иргэний улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, хүн ам, өрхийн болон сонгогчийн бүртгэл зэрэг 6 бүлэг 30 зүйлтэй ба хуулийн зорилт нь иргэний улсын бүртгэл хөтлөх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад чиглэгдсэн ба дараах зарчмын шинжтэй асуудлыг хуульд тусгажээ. Тухайлбал:
 
  • Хуулийн төслийн нэрийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль гэж өөрчилж, хуульд оновчгүй хэрэглэсэн болон тодорхойлох шаардлагатай нэр томьёог Улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн тодорхойлсон;
 
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан бүртгэл болон хуульд шинээр нэмэгдэж байгаа бүртгэл тус бүрээр иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, бүртгэх байгууллага, бүртгэл хийх журмыг нарийвчилж, тохиолдол бүрээр тогтоосон. Ингэхдээ иргэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээлэл бүхий баримт бичгийн хуулбар, лавлагаа зэрэг 3-4 төрлийн баримт бичгийг хасаж, улсын бүртгэгч мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл, нотлох баримт бичигт үндэслэн бүртгэлийг хөтлөх, түүнтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан.
 
  • Мөн иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж байгаа хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч бүртгэлийг хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүрийн хугацааг хуульд тодорхой заасан;
 
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулсан;
 
  • Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн;
 
  • Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэх;
 
  • Зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасаж, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгох;
 
  • Иргэн овог, эцэг /эх/-ийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор, мөн бүртгэлийг хөтлөхөд Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг байсныг өөрчилж, бүртгэлийг улсын бүртгэгч бүртгэх;
 
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон гэж шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэх;
 
  • Оршин суух хаяггүй иргэний хүсэлт мөн хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох;
 
  • Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жилийн хугацаатай олгох зэрэг харилцааг хуульчилжээ.
 
                                                           Эх сурвалж: www.parliament.mn , www.legalinfo.mn