Insights & Publications
“Цахим мөнгө”–ийг хууль зүйн үүднээс тодорхойлох нь
Download PDF
I. Оршил
II. Асуудлын ач холбогдол нь
III. Дүгнэлтийн оронд
I. Оршил
. . . Мөнгөний түүхийг эргээд харвал, хүн төрөлхтөн мөнгөний өөрийн өртгийг бууруулах, арилжаанд ашиглахад хялбар болгох чигт яваа болох нь харагдана. Эхлээд эд зүйлийг зоос болгон улмаар цаасан мөнгийг бий болгосон бол өдгөө “цахим” хэлбэрт шилжүүлсэн байна. Тэр болгонд зардал буурч байсан гэж үздэг.[1] Монгол Улсын хувьд, санхүүгийн системд “цахим мөнгө” нь аль хэдийнээ танил болон (Үүрэн телефоны операторууд анх удаа “Candy” гэх цахим мөнгийг гүйлгээнд, эсвэл төсөөтэй “GG” зэргийг нэвтрүүлсэн) хэвшсэн[2] бөгөөд эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний дийлэнх нь биет бус цахим хэлбэрээр дансанд байршдаг гэсэн статистик бий.[3] Өөр үгээр хэлбэл, санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд электрон хэлбэрээр оршдог гэсэн үг.
Цахим мөнгө (digital money) хууль зүйн утгаараа, Монгол Улсын мөнгөн тэмдэгт – төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг гэж ойлгодог.[4] Энэ үндсэн дээр “цахим мөнгө” нь ямар шинжүүдтэй байх тухайд: мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөнд мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх, цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй, нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байх[5] гэсэн шинжүүдийг нэгэн зэрэг агуулах юм.[6] Улсын Их Хурлаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг (Энэ хууль 2018 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн) баталсантай холбогдуулан Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”–ыг гаргажээ.[7]
Энэ журам нэг талаас, цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монголбанкнаас цахим мөнгө гаргах зөвшөөрөл авсан хуулийн этгээд байх ба энэ үйлчилгээ эрхлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон бол, нөгөө талаар хэрэглэгч нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээг нэг сая төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарт гурван сая төгрөг ба нэг хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамласан байна. Тиймээс хэрэглэгч бүр цахим мөнгөний  системд өөрийн гэсэн дахин давтагдахгүй дугаар эсвэл данстай байх нь энэхүү үйлчилгээнд оролцох, хэрэглэгч банкаар дамжуулан ямар нэгэн мөнгөний гүйлгээг хийхгүй зөвхөн хоёр данс эзэмшигчийн хооронд үйлчилгээ хийгдэж байгаагаараа онцлогтой.[8]

Ийнхүү цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлагдахгүй бөгөөд энэ үйлчилгээг хүссэн хуулийн этгээд эрхлэх боломжтой болсон. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй этгээд зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон, баталгааны дансанд байршуулах юм.[9] Ингэж баталгааг гаргуулснаар цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдлээс хэрэглэгчийг хамгаалах хууль зүйн болоод санхүүгийн баталгааг давхар бүрдүүлжээ. Энэ журам батлагдсан нь цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой, тодорхой болгоход чиглэсэн, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжихэд түлхэц болсон.
Үүний өмнө улсын төлбөрийн системд зөвхөн арилжааны банкууд оролцдог байсан бол одоо санхүүгийн “финтек” үйлчилгээн дээр суурилсан компани, дагнасан санхүүгийн бусад байгууллагууд үйл ажиллагаа эрхлэн явуулах эрх зүйн үндсийг бий болгожээ.[10] Иймд энэ нийтлэлд цахим мөнгө гэж юу болох, түүнийг хэрхэн тодорхойлсон, гүйцэтгэх эдийн засгийн үүргийн эрх зүйн асуудлын чухлыг Монголбанкны үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай нь холбон санхүүгийн зах зээлийн үүднээс цухас хөндөн бичлээ. Ийнхүү мөнгөний нийлүүлэлт цахим хэлбэрт шилжсэнээр хаях, гээх зэрэг олон эрсдлийг бууруулан, зардал хэмнэх ач холбогдолтой боловч зээлийн эх үүсвэр болохгүй.[11]
II. Асуудлын ач холбогдол нь
Мөнгө нь төлбөр тооцооны хэрэгслээс гадна, зах зээл дээрх бараа үйлчилгээний үнэ цэнийг хэмжих нэгж, эсвэл хадгалж болох нэг төрлийн хөрөнгийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл цаашид мөнгөний эдгээр үүргийг цахим мөнгө гүйцэтгэдэг болох уу гэсэн асуудал[12] зүй ёсоор гарна. Энэ асуудлын учир холбогдлыг олон нийтийн санхүүгийн боловсролтой холбон тайлбарлаж болох юм.[13]
Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд “төлбөрийн систем” гэсэн ойлголтыг бий болгосон нь энэ хуулийн гол онцлог бөгөөд энэ хүрээнд Монголбанк төлбөрийн системийн бодлогыг тодорхойлж, системд оролцох шалгуурыг тогтоох юм. Энэ нь төлбөрийн системийг хөгжүүлэх, шинэчлэх, зардлыг бууруулах зэрэг төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангахад ач холбогдолтой болсон.[14] Энэ хуулийг батлан мөрдөж эхэлснээр төлбөрийн системийн үйл ажиллагаанд хэн, хэрхэн оролцож байгаа, үүнийг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг тодорхой болгосон. Үүнийг үндэс болгон энэ хуульд “цахим мөнгө” гэсэн онцлог ойлголтыг тусгасан бөгөөд ингэхдээ хууль заасан шинж, шаардлагыг хангасан төлбөрийн хэрэгслийг ойлгоно. Улмаар үндэсний төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох нь “финтек” технологи дээр суурилсан FinTech буюу санхүүгийн технологийн аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлнэ гэж үзэж байна.[15]

Үүнээс гадна уг ойлголт нь блокчейн технологид суурилсан биткойн зэрэг криптовалютуудаас ялгаатай учир нь эдгээр криптовалют нь хуульд заасан шинжийг хангахгүй тул цахим мөнгө гэж тооцогдохгүй, төгрөгийг орлох төлбөрийн хэрэгсэл болохгүй. Крипто мөнгө хэдий хийсвэр зүйл мэт боловч технологийн дэвшлийг эдийн засаг, санхүүгийн орчинтой уялдуулж, үнэлж болдгийн жишээ гэж үздэг.[16] Биткойн нь Монгол Улсад албан ёсоор хэрэглэж буй төлбөрийн хэрэгсэл бишээс гадна криптовалют, цахим мөнгө хоёр нь тусдаа зүйл.[17] Технологийн хөгжлийг дагаад бэлэн мөнгөөр бус төлбөр тооцоо хийх олон (зээлийн болон урьдчилгаа төлбөртэй карт, цахим шилжүүлэг) боломжийг нээн, цаасан мөнгө хэрэглэхгүйгээр төлбөр тооцоо хийх учир бэлэн бус гүйлгээг дэмжих нэгдсэн бодлоготой байж, бэлэн бус гүйлгээний хураамжийг бэлэн мөнгөнийхөөс бага байхаар тохируулах шаардлагатай.[18]

Монголбанкнаас баталсан дээрх журам нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгон “хэрэглэгч”–ийг хамгаалах зорилготой юм.[19] Цахим мөнгөний үйлчилгээнд (1) цахим мөнгө ашиглан бараа, ажил, үйлчилгээний төлбөр төлөх, (2) цахим мөнгийг бусад хэрэглэгчид шилжүүлэх, (3) Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх, (4) мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэн дансанд хийх, (5) цахим мөнгөний дансны үлдэгдэл шалгах, (6) гүйлгээний хуулга авах, (7) бусад гэсэн дараах төрлийн гүйлгээг хийж болно.[20] Энэ талаар төлбөрийн системд банкнаас бусад санхүүгийн байгууллага болон технологийн компанийг оролцуулах нь чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн[21] бол Төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэх судалгаанд (2018) Монгол Улсын хувьд хамгийн тохиромжтой төлбөрийн хэрэгсэл нь мобайл төлбөрийн үйлчилгээ гэж тодорхойлсон байх бий.[22]
III. Дүгнэлтийн оронд
Энэхүү “цахим мөнгө” гэгдэх зүйлийн тухай олон нийтэд цэгцтэй мэдлэг, мэдээлэл олгох үүднээс товч таниулан тайлбарлахыг хичээлээ. Иймд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкнаас баталсан Цахим мөнгөний журмын онцлог зохицуулалтын талаар хууль зүйн утгаар, бүрэн гүйцэд тайлбарлах боломжгүй. Тиймээс дараагийн нийтлээр бид хууль зүйн болон санхүү талаас нь илүү дэлгэрэнгүй бичих болно.
 
Ш.Цолмон
С.Номынбаясгалан
 
Өмгөөллийн ашид адвокатс ХХН
 
2018 оны 10 сар
 
[1] http://eagle.mn/r/37975
[2] http://news.gogo.mn/r/225403
[3] http://www.assa.mn/a/45918
[4] Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 31–ний өдөр батлагдсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25 дахь заалт http://www.legalinfo.mn/law/details/12668?lawid=12668,
[5] Монгол Улсад ашиглаж байгаа цахим мөнгө ардаа заавал төгрөгийн баталгаатай байх ёстой. Иймд 1 цахим мөнгө 1 төгрөгтэй тэнцэж байх учиртай юм.
[6] Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй.  https://www.mongolbank.mn/news.aspx?tid=2&id=1918
[7] Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 13–ны өдрийн “Журам батлах тухай” А–45 дугаар тушаал http://www.legalinfo.mn/law/details/13302
[8] http://ubchamber.mn/pages/1346
[9] Засгийн газрын мэдээ: Албажсан цахим мөнгө ирэх сараас амилна. http://news.gogo.mn/r/225403
[10] Монголд анхны цахим мөнгө нэвтэрч эхэллээ. http://www.montsame.mn/en/read/165988
[11] https://zgm.mn/%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%B6%D1%81%D0%B0%D0%BD-%D1%86%D0%B0%D1%85%D0%B8%D0%BC-%D0%BC%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%B8%D1%80%D1%8D%D1%85-%D1%81%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0%D1%81-%D0%B0%D0%BC%D0%B8%D0%BB%D0%BD%D0%B0/
[12] http://www.sankhuugiinbolovsrol.mn/Blog/25
[13] http://www.unen.mn/a/82336
[14] http://www.hunnu.mn/a/88781
[15] Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл (Монголбанк), Уб., 2018, 41 дэх тал
[16] https://www.gia.gov.mn/h/info/more/285
[17] http://www.zaluu.com/read/20449fae4
[18] http://jargaldefacto.com/article/tsakhim-tulburiin-khuwisgal-aisui
[19] http://udriintoim.mn/tsahim-mungunii-juram-batlagdlaa/
[20] https://www.mongolbank.mn/documents/regulation/paymentsystem/2018/20180419_eMoney.pdf
[21] Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл (Монголбанк), Уб., 2018, 47 дахь тал
[22] http://repository.ufe.edu.mn/handle/8524/977