Insights & Publications
ГАЗРЫН ТОСНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН ЭНЭ САЛБАРЫН ХЭТИЙН ЗОРИЛГЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тосны тухай 2014 оны 07 сарын 01-нд батлагдаж одоог хүртэл  мөрдөгдөж байна. Өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан байдаг.

Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан мөн түүнчлэн газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг илүү нарийн зохицуулах зайлшгүй шаардлага гарснаас үүдэн энэхүү хуулийг шинэчлэх  шаардлага гарсан байдаг.

Газрын тосны тухай хууль нь Нийтлэг үндэслэл, Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрх, Гэрээлэгч, Эрэл, Хайгуул, Ашиглалт, Төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалт, Мэдээ, тайлан, хяналт, шалгалт, Бусад гэсэн 9 бүлэгтэйгээр батлагдсан ба энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэх, улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх, шатдаг занарын эрлийн үед зөвхөн өрөмдлөг хийж болохоор болсон ба түүнчлэн газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрлийг бий болгосон бөгөөд эдгээр тусгаар зөвшөөрлийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох, хайгуулын болон ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх эрхтэй байх, бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газар батлахаар зохицуулсан.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 4 жил өнгөрөөд байгаа ба одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт 2017 оны байдлаар 18 талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ (газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3), 25 талбай (газрын тосны хайгуулын 22, ашиглалтын 3)-д бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийг байгуулж, улмаар жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна.

   Энэ оны буюу 2018 оны 06 сарын 06-нд Монгол улсын засгийн газар тогтоол гарган төрөөс  газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар  2027 хүртэл баримтлах бодлого баталсан.

Энэхүү бодлогын зорилго нь Монгол Улсын газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангахад чиглэгдсэн ба дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

Бодлогын зорилтууд

  • газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх;

  • газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

  • газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах;

  • салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, мэргэшүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх;

  • газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих;

  • газрын тосны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж хөгжүүлэх.

Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2022 гэхэд шинээр 3 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ, 2027 онд гэхэд шинээр 2 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах зорилт тавьсан байна.


Эх сурвалж: www.parliament.mn,   www.legalinfo.mn