Insights & Publications
Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх асуудал
Download PDF
I. Оршлын оронд
Энэ нийтлэлд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх асуудлын чухлыг арбитрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай нь холбон арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүднээс цухас хөндөн бичлээ. Тиймээс ямар төрлийн арбитр вэ гэдгээс үл хамааран арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөн чанарыг түүний нийгэмд гүйцэж буй эдийн засгийн үүрэг нь харуулдаг. Энэ утгаараа бизнес эрхлэгчид байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэх тухай заалт оруулсан бол тухайн гэрээнээс үүссэн, үүсч болох маргааныг арбитр шийдвэрлэх юм.[1] Тиймээс аль нэг улсын арбитраас гаргасан хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийн талаар өөр нэгэн арбитр дүгнэлт өгөх боломжгүй. Тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг яаж явуулсан, хэрэгт холбогдох нотлох баримтыг хэрхэн дүгнэх нь арбитрын бүрэлдэхүүний шийдэх асуудал. Түүнчлэн гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай конвенцид нэгдэж орсон[2] 180 орчим (Монгол Улс ч орсон) улс аль нэг орныхоо гаргасан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, талууд сайн дураараа биелүүлэхгүй бол албадан биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Тэгэхээр арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд уул шийдвэрээ Монгол Улсад илгээнэ. Шийдвэр гарсан л бол нэхэмжилсэн зүйлийг нь нэн даруй төлөх л ёстой.[3]

Арбитр нь үндэстэн дамнасан маргааныг шийдвэрлэх институт болохынхоо хувьд бусад салбартай харьцуулахад олон улсад загварчлагдсан нэг хуультай, олон улсын стандартыг дагаж мөрдөх шаардлага тавигддаг цорын ганц салбар гэж үздэг.[4] Хэдийгээр арбитрын шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой ч ялагдсан тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа үед арбитрын шийдвэр тэр бүр гарсан дороо биелэгдэх боломжгүй болдог. Энэ асуудлыг олон улсын гэрээ хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн аль алинаар нь зохицуулдаг. Иймд нэхэмжлэгчийн хувьд дотоодын, эсхүл гадаадын хувь хүн, хуулийн этгээдийн аль алины тухай яригдаж байгаагаас үл хамааран арбитрт хандах нь зөвхөн арбитрын байрлаж байгаа оронд ч, өөр бусад улсад ч арбитрын шийдвэрийг албадан хэрэгжүүлэх явдлыг хангахад ач холбогдолтой.
 
II. Асуудлын чухал нь
Арбитрын үндсэн хуралдааны дараа арбитрын бүрэлдэхүүн бичгээр эцсийн шийдвэр гаргах бөгөөд энэ нь заавал биелэгдэх хүчинтэй байна. Энэхүү арбитрын шийдвэрийг ялагдсан тал сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл нь арбитрын шийдвэр өөрөө болно.[5] Олон улсын хэмжээнд арбитрын үйл ажиллагааг үр нөлөөтэй болгоход “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай” НҮБ–ийн 1958 оны Нью–Йоркийн конвенц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ конвенц нь оролцогч болон оролцогч бус бусад оронд гаргасан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх найдвартай хамгаалалтыг тогтоосон юм.[6] Ингэхдээ энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш “3 жил”–ийн хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй талаар заажээ.[7] Энэ асуудалд бизнес эрхлэгчид ач холбогдол өгөөгүйгээс хууль зүйн эрсдэл хүлээх боломжтой учраас анхаарахгүй орхиж болохгүй гэж үзлээ. Гадаадын арбитр буюу арбитрын шийдвэрийг гүйцэтгэх тухай хүсэлтийг Конвенцийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар “шүүх” шийдвэрлэнэ.

Конвенцийн оролцогч улс бүр арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх хүсэлтийг хүлээн авч байгаа улсын хуулийн дагуу заавал биелүүлэх арбитрын шийдвэр хэмээн хүлээн зөвшөөрч гүйцэтгэнэ. Тиймээс уул конвенцийг хэрэглэж байгаа арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхдээ дотоодын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхэд хэрэглэдэгээс илүү хатуу нөхцөл хэрэглэх буюу өндөр татвар хураамж авах ёсгүй.[8]
Тиймээс гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч нь (1) зохих журмын дагуу баталгаажуулсан арбитрын шийдвэр эх хувь, (2) арбитрын хэлэлцээрийн эх хувь зэргийг бүрдүүлэх бөгөөд хэрэв арбитрын шийдвэр буюу хэлэлцээр нь түүнийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх улсын албан ёсны хэлээр гараагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх талаар хүсэлт гаргагч тал холбогдох баримт бичгийг тухайн улсын албан ёсны хэл дээр орчуулуулан өгөхөөр байна. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлох болно. Харин дотоодын арбитрын шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх юм.

Энэ утгаараа арбитрын шийдвэрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхээс захирамж гаргуулахад 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай болсон бөгөөд тухайн хөөн хэлэлцэх хугацаагг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 3 жилийн дотор шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж болно. Хэрэв хүндэтгэсэн үзэх шалтгаангүй тохиолдолд арбитрын шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр биелүүлэхгүй байж болохыг анхаарч үзэх хэрэгтэй.
 
С.Номынбаясгалан
Ш.Цолмон
Өмгөөллийн ашид адвокатс ХХН
2018 оны 9 сар
 
 

[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг http://www.legalinfo.mn/law/details/302?lawid=302
[2] 1958 оны 6 дугаар сарын 10 –ны өдөр баталж, 1959 оны 7 дугаар сарын 7–ны өдөр хүчин төгөлдөр болсон Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц http://www.legalinfo.mn/law/details/1251?lawid=1251
[3] http://www.sonin.mn/news/gemt-hereg/40375
[4] https://mongolianeconomy.mn/archive/8826/
[5] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна: 6.2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүү,х олон улсын шүүх, арбитрын шийдвэр; 6.2.4. . . . арбитрын шийдвэр; гэжээ. http://www.legalinfo.mn/law/details/12701?lawid=12701
[6] Олон улсын хувийн эрх зүй (Гарын авлага), УБ хот, 2011, 140 дэх тал
[7] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад
[8] http://mojha.gov.mn/news/3d/%D0%AD%D1%80%D1%85_%D0%B7%D2%AF%D0%B9%D0%BD_%D1%82%D1%83%D1%81%D0%BB%D0%B0%D0%BB%D1%86%D0%B0%D0%B0_%D1%85%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%B0%D0%BD_%D2%AF%D0%B7%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85_%D0%BD%D1%8C.html