Insights & Publications
Банкны тухай хуульд орсон голлох өөрчлөлт
Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 01 сарын 18-ны өдөр “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан ба энэхүү хууль нь 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөгдөж эхлэх гэж байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах зорилгын хүрээнд батлагдсан бөгөөд түүнд тусгагдсан онцлог, шинэлэг зохицуулалтуудаас агуулгын хувьд онцлон дурдвал:
  • Банкны хувьцаа эзэмшигч тодруулбал “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” хамаарах этгээдийг агуулгын хувьд өргөжүүлэн тодорхойлж түүнд тавигдах шалгуурыг тусгайлан хуульчилснаас гадна Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн болон Гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг нэмэгдүүлсэн;
  • Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох бөгөөд банк активаа энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулахтай холбоотой асуудал;
  • Банк нь өөрийн тогтворжуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд тус төлөвлөгөөнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас хамаарч үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, болзошгүй эрсдэлийн үед банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, Монголбанкинд ирүүлэх ба энэ нь банк эрсдэлд орсон тохиолдолд банкийг дотроос нь аврах боломжийг бүрдүүлнэ;
  • Банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг өргөжүүлэн тодорхойлсон. Тухайлбал,
    • Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байхаар хуульчилсан;
    • Монголбанк нь эрсдэл үүссэн, Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан зэрэг хүндрэл үүсгэх зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд банкинд сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, удирдлагыг түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байх;
  • Банкийг татан буулгахтай холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулж, банкны төлбөр барагдуулах дарааллыг шинэчлэн хуульчилсан;
  • Эрх зүйн хамгаалалт буюу Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргах; Банкинд албадлагын арга хэмжээ авсантай холбоотойгоор хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулан авах боломжийг хуульчилсан;
  • Монголбанк нь Монгол Улсад болон гадаад улсад үйл ажиллагаа эрхэлдэг аливаа банк, түүний банкны нэгдлийн үйл ажиллагааг хянан зохицуулах эрх бүхий гадаад улсын байгууллагатай хамтран банкны нэгдэлд авах бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, хэлбэрийг тогтоох зорилгоор гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болсон зэрэг болно.