26
Sep
2015
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа

2015 оны 8 сарын 7-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлагдаж, мөн өдрөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуульд зааснаар  чөлөөлөгдөх албан татварт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар,  үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,  нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, гаалийн албан татвар зэрэг 5 төрлийн албан татвар хамаарахаар  байна. Мөн энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т  тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлана гэж заасан.  Энэхүү журам нь олон нийтийн дунд  хүлээлт үүсгээд байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж баталлаа. Эдийн засгийн ил тод байдыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заажээ.  

Энэхүү журамд орсон зохицуулалтаас авч үзвэл:
  1. Нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх талаар  :
  1. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай
  • Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх;
  • Ажил олгогчоор бүртгүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан тайланг гаргаагүй, буруу гаргасан, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, дутуу төлсөн бол харьяалах нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж хүргүүлэх, хуульд заасны дагуу шимтгэл төлөх;
  • Хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртүүлээгүй, эсхүл буруу бүртгүүлсэн бол харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх;
  • Санхүүгийн тайлангаа гаргаагүй буюу буруу гаргасан бол шинээр гаргаж харьяалах харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх;
  • Гаалийн хилээр мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийн нэмэлт мэдүүлгийг гаалийн байгууллагад мэдүүлэх;
  • Дээрхээс бусад хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй бол холбогдох эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах.
  1. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгон мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ холбогдох баримт бичгийг дор дурдсан байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх:
  • Улсын бүртгэлийн байгууллагад;
  • Татварын албанд;
  • Нийгмийн даатгалын байгууллагад;
  • Гаалийн байгууллагад;
  • Харилцагч санхүүгийн байгууллагад;
  • Дээр зааснаас бусад хөрөнгө, орлого,  үйл ажиллагааг бүртгэх эрх бүхий байгууллагад;
 
  1. Ил болгосон мэдээллээ бүртгүүлэх талаар:
  • Төрийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн тайлан, мэдээллийг байгууллагын нууцын журмын дагуу бүртгэж архивлах;
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;
Уг журамд зааснаар хууль хэрэгжих хугацаа буюу 2015 оны 12 сарын 31 хүртэл хувь хүн, хуулийн этгээд нь мэдүүлсэн тайландаа засвар, өөрчлөлт оруулж болохоор байна. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр цахим бүртгэл явуулахаас гадна цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авахаар заасан байна.
 
 "Өмгөөллийн Ашид Адвокатс" ХХН