통찰력 & 간행물
Монгол Улсын шинэ Арбитрын тухай хуулийн зохицуулалт
Монгол Улсын Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм. Энэхүү нийтлэлдээ шинэ Арбитрын тухай хуулийн гол үзэл баримтлал, хуучин хуулиас ялгагдах зарчмын өөрчлөлт орсон зүйл, заалтууд болон шинээр орсон зохицуулалт, энэ хууль батлагдсантай холбоотой өөрчлөлт орсон бусад хуулиуд зэргийг авч үзэхийг гол зорилгоо болгосон. Мөн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа гарч болох нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагаврын талаар өөрийн дүгнэлтээ бичлээ.
  1. Монгол Улсын шинэ Арбитрын тухай хуулийн үзэл баримтлал.
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцын дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон.
  1. Хуучин хуулиас ялгагдах зарчмын өөрчлөлт орсон зүйл, заалтууд.
  1. Хуулийн зорилт
Хүчингүй болсон хуулинд зааснаар хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаанд арбитрын ажиллагаа явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулдаг байсан бол шинэчилсэн найруулгаар эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад чиглэгдсэн байна.
  1. Арбитрын ажиллагаа
“Арбитрын ажиллагаа” гэх ойлголтыг Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар /байнгын эсхүл түр арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно/ гэж илүү нарийвчлан, тодорхойлж өгсөн байна.
  1. Гомдол гаргах эрхээсээ татгалзах
Хүчингүй болсон хуучин хуульд “Татгалзах эрхээсээ татгалзах” гэсэн нэр томьёо нь хуулийн шинэчилсэн найруулгаар “Гомдол гаргах эрхээсээ татгалзах” гэж өөрчлөгдсөн.
  1. Шүүхийн оролцоо
Хуулийн шинэчилсэн найруулгаар шүүх дараах тохиолдолд арбитрын үйл ажиллагаанд оролцохоор өөрчлөн заасан байна. Үүнд:
  • Арбитрын ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл уг ажиллагааны явцад арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
  • Талууд арбитрчийг томилох журмыг тохиролцоогүй бол
  • Аль нэг тал арбитрчийг томилох үүргээ биелүүлээгүй;
  • Талууд, эсхүл тэдгээрийн томилсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрч чадаагүй;
  • Арбитрчийг томилох журмаар эрх олгосон байнгын арбитр, эсхүл эрх бүхий этгээд арбитрчийг томилох үүргээ хэрэгжүүлээгүй.
  1. Арбитрын хэлэлцээр
          Хуулийн шинэчилсэн найруулгаар Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд “Арбитрын хэлэлцээрийг амаар, бодит үйлдлээр, эсхүл бусад арга хэрэгслээр хийснээс үл хамааран түүний агуулгыг ямар нэг хэлбэрээр баримтжуулсан бол бичгээр байгуулсан гэж үзнэ” гэж өөрчлөлт оруулсан байна.
  1. Нэхэмжлэл гаргах
        Хуулийн шинэчилсэн найруулгаар Арбитрын хэлэлцээр болон шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хүчингүй болсон хуулийн зохицуулалтаас өөрөөр зохицуулсан байна. Үүнд:
  • Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно.
  • Нэхэмжлэл гаргасан тохиолдолд арбитр нь шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд арбитрын ажиллагааг эхлүүлэх, эсхүл үргэлжлүүлэх, арбитрын үндсэн шийдвэр гаргах эрхтэй байхаар зохицуулсан байна.
  1. Арбитрчийг томилох журам
      Хуулийн шинэчилсэн найруулгаар Арбитрчийг томилох талаар өөрчлөлт оруулж өгсөн байна. Үүнд:
  • аль нэг тал арбитрчийг томилох үүргээ биелүүлээгүй;
  • талууд, эсхүл тэдгээрийн томилсон хоёр арбитрч гурав дахь арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрч чадаагүй;
  • арбитрчийг томилох журмаар эрх олгосон байнгын арбитр, эсхүл эрх бүхий этгээд арбитрчийг томилох үүргээ хэрэгжүүлээгүй.
  • Талууд арбитрчийг томилох журмыг харилцан тохиролцсон боловч дээрх нөхцөлийн аль нэг үүссэн бөгөөд арбитрчийг томилох өөр аргыг уг журамд заагаагүй бол аль нэг тал арбитрч томилуулах хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.
  1. Арбитрчийг татгалзан гаргах үндэслэл
        Хуулийн шинэчилсэн найруулгаар Арбитрчаар томилогдох этгээд өөрийн хараат бус, бие даасан байдалд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Мөн Арбитрч энэ нөхцөл байдлын талаар талуудад өмнө нь мэдэгдээгүй бол арбитрчаар томилогдсоноос хойш арбитрын ажиллагааны явцад тэрхүү нөхцөл байдлын талаар талуудад даруй мэдэгдэнэ гэсэн нарийвчилсан зохицуулалтыг оруулж өгсөн байна.
  1. Маргааны харьяалал тогтоох талаарх арбитрын бүрэлдэхүүний эрх
  • Хуулийн шинэчилсэн найруулгаар “Тухайн гэрээн дэх арбитрын тухай заалтыг үндсэн гэрээний бусад заалтаас тусдаа, бие даасан гэрээ гэж үзнэ. Арбитрын бүрэлдэхүүн үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргасан нь тэрхүү гэрээний арбитрын тухай заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй” гэсэн заалтыг шинээр оруулж өгсөн байна.
  • Мөн Талууд маргааны харьяаллын талаар гомдол гаргах бол нэхэмжлэлд тайлбар гаргахаасаа өмнө тухайн арбитрын бүрэлдэхүүнд гаргана гэж заасан ба Арбитрчийг томилоход оролцсон нь арбитрын маргааны харьяаллын талаар гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй гэж нарийвчлан зохицуулсан байна.
  • Шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, мөн үндсэн шийдвэр гаргаж болохоор шинэ зохицуулалт оруулсан байна.
  1. Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаарх арбитрын бүрэлдэхүүний бүрэн эрх
Хуулийн шинэчилсэн найруулгын дөрөвдүгээр бүлэгт “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол”гэсэн зохицуулалтуудыг шинээр хуульчилсан. Энэ бүлэгт Арбитрын шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаарх арбитрын бүрэлдэхүүний бүрэн эрхийн хүрээнд талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрын бүрэлдэхүүн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч болно гэж заасны дагуу арбитрын бүрэлдэхүүн түр арга хэмжээ авч болох ба энэ талаар нарийвчлан зохицуулсан байна.
  1. Арбитрын ажиллагааны журам тогтоох
Хуулийн шинэчилсэн найруулгаар талууд арбитрын ажиллагааны журмыг тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн хүрээнд арбитрын ажиллагааг тохиромжтой гэж үзсэн журмаар явуулж болно гэж заасан ба “Арбитрын бүрэлдэхүүний бүрэн эрхэд аливаа нотлох баримтыг нотлох чадвартай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй болохыг тодорхойлох эрх хамаарна” гэж бүрэлдэхүүний эрхийг нарийвчлан тодорхойлж өгсөн байна.
  1. Арбитрын ажиллагаа явуулах хэл
Хуулийн шинэчилсэн найруулгаар “талууд арбитрын ажиллагаа явуулах нэг, эсхүл хэд хэдэн хэлийг тохиролцон тогтоох эрхтэй” гэж өөрчлөлт оруулсан байна.
  1. Арбитрын зардал
Хуулийн шинэчилсэн найруулгаас харахад Арбитрын зардалд:
  • байнгын арбитрын хувьд түүний дүрэмд заасан тухайн арбитрт төлөх үйлчилгээний хөлс;
  • гэрч, шинжээч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах, шинжилгээ хийлгэх зэрэг арбитрын бусад ажиллагаа явуулахад гарсан хөлс, зардал гэж өөрчлөлт оруулсан байна.
  1. Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргах
Хүчингүй болсон хуульд “шийдвэр хүчингүй болгох тухай хүсэлт гаргах” гэсэн зохицуулалтыг “Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргах” гэж өөрчлөлт оруулан хуульчилсан байна.
  1. Арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх
Хуулийн шинэчилсэн найруулгад Арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх талаар зарчмын хувьд бүхэлд нь өөрчлөлт оруулж зохицуулсан байна.
  1. Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл
Хуулийн шинэчилсэн найруулгаар Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлийн талаар илүү нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж хуульчилсан байна.
 
  1. Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ -д орсон шинэ зохицуулалтууд.
  1. Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагаа
Хуулийн шинэчилсэн найруулгаар Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагааны талаар шинэ зохицуулалтуудыг оруулсан байна.
  1. Нууцлал
Талууд өөрөөр тохиролцоогүй бол доор дурдсанаас бусад тохиолдолд арбитрын шийдвэр, тогтоол, арбитрын ажиллагааны явцад талуудаас ирүүлсэн мэдээллийн нууцлалыг талууд, арбитрын бүрэлдэхүүн, байнгын арбитр хадгалах үүрэгтэй:
  • тухайн тал нь мэдээллийг ил тод болгох үүргийг хуулиар хүлээсэн;
  • хууль ёсны эрхээ хамгаалах, хэрэгжүүлэхэд шаардлагатай болсон;
  • арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох, гүйцэтгүүлэхээр шүүхэд өргөдөл гаргасан.
  1. Дампуурал
Арбитрын хэлэлцээр бүхий гэрээний аль нэг талтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн бөгөөд хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч уг гэрээнээс татгалзаагүй бол арбитрын хэлэлцээр нь тухайн этгээдийн хувьд хүчин төгөлдөр байна.
Дампуурлын хэргийг үүсгэсэн шүүх дараах бүх нөхцөл бүрдсэн бөгөөд тухайн нөхцөл байдалд зохимжтой гэж үзвэл дампуурлын ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр арбитрт шилжүүлж болно:
  • тухайн маргаан нь арбитрын хэлэлцээрт хамаарч байгаа;
  • дампуурлын хэргийн хариуцагч нь дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө арбитрын хэлэлцээр байгуулсан;
  • хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч нь арбитрын хэлэлцээрийг агуулсан гэрээнээс татгалзаагүй.
 
  1. Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбоотой бусад хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд
 
  1. Иргэний хууль /2002.01.10/
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002.01.10/
  3. Векселийн тухай хууль /1995.11.02/
  4. Газрын тухай хууль /2002.06.07/
  5. Газрын тосны тухай хууль /2014.07.01/
  6. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль /2004.04.30/
  7. Концессийн тухай хууль /2010.01.28/
  8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль /2014.01.09/
  9. Харилцаа холбооны тухай хууль /2001.10.18/
  10. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2011.11.06/
  11. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003.06.19/
  12. Эрчим хүчний тухай хууль /2001.02.01/
Мөн шинэ Арбитрын тухай хууль батлагдсантай холбоотойгоор дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах практик шаардлага гарч байна. Үүнд:
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль,
  • Валютын зохицуулалтын тухай хууль,
  • Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль,
  • Даатгалын тухай хууль,
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль,
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль,
  • Эрүүгийн хууль.
 
  1. Дүгнэлт
Монгол Улсын Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм. Уг хууль дараах гол онцлог зохицуулалтуудыг тусгасан байна. Үүнд:
  • Энэхүү хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны комиссоос 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталж, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Олон улсын худалдааны Арбитрын загвар хуульд нийцүүлэн боловсруулжээ. Энэ нь Монгол улс Олон улсын худалдааны загвар хуулийг нутагшуулсан улс болоход гол үүрэг гүйцэтгэсэн байна.
  • Эрх зүйн маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулжээ.
  • Арбитрын тухай хуулиар Олон улсын арбитрын ажиллагаа, дотоодын арбитрын ажиллагааг ялгавартай тогтоож, бүрэлдэхүүний эрх хэмжээг өргөжүүлсэн байна.
  • Дотоодын болон гадаадын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцаанаас үүссэн маргааныг Арбитрын журмаар шуурхай шийдвэрлүүлэх боломж бүрдсэн.
  • Аль улсад гаргаснаас үл хамааран Арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх, хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд бичгээр өргөдөл гаргаснаар энэ хууль болон гадаадын Арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцод заасан журмын дагуу Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээр зохицуулжээ.
Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр гарч болох нийгэм, эдийн засгийн дараах үр дагавар, ач холбогдолтой байна. Үүнд:
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм.
Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна.
Олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг  олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой. Учир нь:
2015 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт 40674 иргэний хэргийн 21521 хэрэг буюу 53 хувийг нь шүүх хуралдаанаар, 13972 хэрэг буюу 34,3 хувийг хялбаршуулсан журмаар, 5181 хэрэг буюу 12.7 хувийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нийт 21521 хэргээс Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 20805 буюу 51,1 хувийг эзэлж байна. Хэрэг маргааны төрлөөр авч үзвэл 2014 онд анхан шатны шүүхээр 33996 хэрэг, 2015 онд 40674 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 1209 хэрэг буюу 6 хувиар өссөн байна.1 
Харин Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний Арбитрт 2014 онд 41 маргаан, 2015 онд 70 маргаан, 2016 оны эхний найман сарын байдлаар 110 маргаан хүлээн авснаас 58 хэрэг маргааныг нийтдээ хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрыг ашиглах явдал манай улсад тун  хангалтгүй байна.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна. Мөн Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох, гадаадын болон дотоодын иргэд, аж ахуй нэгжүүдийн Арбитрын үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэгт ач холбогдолтой хууль болсон байна.
 
 Ю.Дөлгөөн

Өмгөөллийн "Ашид Адвокатс" ХХН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 1 http://www.judcouncil.mn/ins/stastistic_report/38--2015-.html