“Өмгөөллийн Ашид Адвокатс ХХН”-ийн Хуульч нар “Invest Mongolia 2015” арга хэмжээнд оролцлоо
2015 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд “Инвест Монголиа 2015” буюу хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь Улаанбаатар хотноо 9 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх бодлогыг боловсруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангах, хөрөнгө оруулалттай  тулгамдаж буй асуудал, үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор зохион байгуулагдах өндөр түвшний уг чуулга уулзалтанд хөрөнгө оруулагчид болон төр засгийн тэргүүн, сайд нар, үндэстэн дамнасан корпораци, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн тэргүүн, олон улсын шинжээчид зэрэг 30 орчим улсаас ирсэн 400 гаруй төлөөлөгчид оролцлоо. Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай байгаа өнөө цагт тус салбар луу хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, мөнгөн урсгалыг чиглүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм. Тус чуулганы үеэр уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслийн санхүүжилт, тэдгээр дэх засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо зэрэг өргөн сэдвийг хөндсөн.
Мөн “Инвест Монголиа 2015” чуулганы үеэр уул уурхайн салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад ямар боломж болон эрсдэл байгаа зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн.

Монгол улсын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өөрийн туршлагаас хуваалцах, тогтвортой хөгжлийн талаарх үзэл бодлоо илэрхийлэх зэрэг чухал ач холбогдолтой уг арга хэмжээнд Ашид Адвокат ХХН хууль зүйн фирмийн төлөөлөл амжилттай оролцлоо. Мөн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан өндөр түвшний 20 гаруй арга хэмжээ, хүндэтгэлийн цайллаганд Ашид Адвокат ХХН хууль зүйн фирмийн Хуульч нар оролцон, олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, уул уурхайг тойрсон өнөөгийн эрх зүйн салбарын тулгамдаж буй асуудлууд, сүүлийн үеийн олон улсын арбитрийн маргаан, арбитрийн шийдвэрийг гүйцэтгэж буй практик зэрэг асуудлуудаар санал солилцов
 
 “Өмгөөллийн Ашид Адвокатс” ХХН
 
ооОоо