ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулган  2015 оны 8 сарын 3-ны өдрөөс хуралдаж байгаа билээ. Энэхүү ээлжит бус чуулганы хүрээнд далд эдийн засгийг нээлттэй болгох зорилгын хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Татварын өршөөлийн хуулийг хэлэлцэж байна. Ээлжит бус чуулганы 2015 оны 8 сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг эцэслэн батлаад байна.
 
Энэхүү хуулийн хүрээнд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулсан байна.
 
Энэхүү хуульд
  • Татварын байгууллагад татвар төлөгчөөр, ажил олгогчоор нийгмийн даатгалын эрх бүхий байгууллагад, бүртгүүлсэн этгээд нь өөрийн татвар, нийгмийн даатгал, санхүүгийн тайланг, 
  • Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад тус тус бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч 2015 оны 12 сарын 31-ны өдрөөс өмнө сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, тайлагнасан, мэдүүлсэн бол хуульд заасан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөгдөх ёстой байсан төлөгдөөгүй албан татвар, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, бүртгэлд хамрагдаагүй эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас хүлээх байсан эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр заасан байна.
 
Сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байхаар заасан байна.
 
Энэ хуулийн дагуу чөлөөлөгдөх татварт дараах татварууд болон түүнийг хугацаанд нь төлөөгүй, тайлагнаагүйн улмаас үүссэн торгууль алданги багтаж байна. Үүнд:
 
1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
2.хувь хүний орлогын албан татвар;
3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
4.нэмэгдсэн өртгийн албан татвар;
5.онцгой албан татвар;
6.гаалийн албан татвар
 
Мөн нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө. Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзэхээр зааж өгсөн байна.
 
Үүнээс гадна “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр өөрийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа, татвар ногдох зүйлсээ бүртгүүлж, мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд өмнө нь төлөөгүй байсан татвар, мэдүүлээгүй байсан орлого, бүртгүүлээгүй байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон байна.
 
Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид, жижиг дунд бизнес эрхлэгчидийн хувьд хуульд заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлсний үндсэн дээр цаашид хуулийн дагуу өмнө нь татвар ногдох зүйлс, хөрөнгө орлогоо мэдүүлээгүйтэй холбоотойгоор эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээх вий гэсэн айдасгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болгож байгаагаар тус хуулийн ач холбогдол оршино.
 
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг батлагдсаны үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид  хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм.
 
 
Өмгөөллийн Ашид Адвокатс ХХН